МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБОО
ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1. “Монголын Маркшейдерийн Холбоо” Төрийн бус байгууллага нь (цаашид “Холбоо” гэх) Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын, олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах, гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны, гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага байна.

1.2. Холбооны оноосон нэр:

1.2.1. Монгол хэлээр: “Монголын маркшейдерийн Холбоо”, товч байдлаар “ММХ”

1.2.2. Англи хэлээр: “Mongolian Mine Surveying Association”, товч байдлаар “MMA”

1.3. Холбоо нь өөрийн бэлгэдэл, албан хэргийн хэвлэмэл хуудас хэрэглэж тамга, тэмдэг, цахим хуудас, хэвлэл, банкинд харилцах данстай байна.

1.4. Холбоо нь үүсгэн байгуулагчийн 20.... оны ... сарын ...-ны өдрийн ....-р шийдвэрээр үүсгэн байгуулагдсан.

1.5. Холбооны цахим хуудас нь www.mine-surveying.mn байна.

2 дугаар зүйл. Холбооны зорилго, баримтлах зарчим, үндсэн чиглэл

2.1 Зорилго:

Маркшейдер инженерүүдийн мэргэжил, мэдлэг, үйл ажиллагааны ур чадвар, ёс

зүйг дээшлүүлэн, мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн

мэргэжилтэн болоход дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаанд

хариуцлагын нэгдсэн хэв хэмжээг тогтоох, олон улсын ижил төрлийн байгууллага,

гадаад дотоодын зорилго нэгтэй байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах үйл

ажиллагааг үндсэн зорилгоо болгоно.

2.2. Баримтлах зарчим:

2.2.1. Ил тод байх:

Холбоо нь ил тод зарчмыг баримтлах ба үйл ажиллагааны болон санхүүгийн

тайлан нь нийт гишүүдэд нээлттэй байна

2.2.2. Хараат бус бие даасан байх

Холбоо нь хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд

аливаа нэг хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхолд

нийцүүлэн үйл ажиллагаа явуулахгүй.

2.2.3. Хүний эрхийг дээдлэх

Холбоо нь хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэн үйл ажиллагааг

хэрэгжүүлэх ба аливаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрхэд шашны урсгал төрлөөс үл

хамааран адил тэнцүү, хүндэтгэлтэй хандана.

2.3. Үндсэн чиглэл:

Холбоо нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурьдсан боломжийг

олгосон үйл ажиллагааг үндэслэн чиглэлээ болгоно. Үүнд:

2.3.1. Мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж өгөх чадвартай, үүрэг хариуцлагаа

ухамсарлан итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг

нэгтгэх.

2.3.2. Маркшейдер инженерүүдийнхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг

дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих чадварыг хэвшүүлэх, мэдлэг, туршлагаа

солилцоход нь дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах,

гарын авлага, ном сэтгүүл хэвлэн гаргах.

2.3.3. Гадаадын ижил зорилго бүхий байгууллагатай харилцаа тогтоох, хамтран

ажиллах, сургалт, айлчлалыг харилцан зохион байгуулах

2.3.4. Гишүүдийнхээ үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан

таниулах, энэ чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцаа тогтоох,

хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх

2.3.5. Эрдэс баялгийн салбарын хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн

байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд

оролцох, төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэх.

2.3.6 Монголын болон олон улсын жишигт нийцсэн ажлын байрны шаардлага

хангасан маркшейдер инженерүүдийг бэлтгэхийн тулд сургалтын тогтолцоо,

хичээлийн хөтөлбөрт уян хатан зохицуулалт хийх, ажиллах хүчний зах зээл дээр чухал,

эрэлттэй мэргэжил байлгах чиглэлээр бүхий л бололцоог эрэлхийлэн ажиллах

2.3.7 Маркшейдер инженерүүдийн эрх зүйн орныг сайжруулах, салбарын болон

бусад төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГИШҮҮНЧЛЭЛ

3 дугаар зүйл. Гишүүнчлэл

3.1 Холбооны зорилго, зарчим, дүрэм, ёс зүйн журмыг хүлээн зөвшөөрч холбооны

гишүүн болох хүсэлтэй маркшейдер мэргэжлээр дотоод гадаадын их, дээд сургууль

төгссөн, мэргэжлээрээ дотооддоо болон гадаад оронд ажиллаж, амьдарч, сурч буй

Монгол улсын иргэн, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага

нь сайн дурын үндсэн дээр элсэн орж гишүүн болох эрхтэй.

3.2. Холбооны гишүүнчлэл нь Хүндэт гишүүн, Гишүүн, Дэмжигч гишүүн, Гишүүн

байгууллага зэргээс бүрдэнэ.

3.3. Гишүүнчлэлийн асуудал нь Холбооны гишүүнчлэлийн журмын дагуу

шийдвэрлэгдэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ.

4 дүгээр зүйл. Холбооны бүтэц

4.1. Холбоо нь Бүх гишүүдийн хурал буюу Чуулган, Удирдах Зөвлөл (Зөвлөл),

Ажлын хэсгүүд гэсэн бүтэцтэй байна. Зөвлөлийн дарга нь Ерөнхийлөгч байна.

4.2. Холбоо нь дотроо клубуудтэй байж болох ба Зөвлөлөөр батлагдсан журмаар

ажиллана.

5 дугаар зүйл. Холбооны удирдах зөвлөл

5.1. Холбооны Удирдах Зөвлөл (цаашид Зөвлөл гэх) нь Холбооны үйл ажиллагааг

удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох, өдөр тумын ажлыг зохион байгуулах чиг

үүрэгтэй хамтын удирдлагын баг байна

5.2. Зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Чуулганд тавих бөгөөд Чуулганаас

гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

5.3. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

5.3.1. Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх

5.3.2. Чуулганаас гарсан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах

5.3.3. Холбооны үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай дүрэм, заавар,

журмыг санаачилж, батлах, мөрдүүлэх

5.3.4. Холбооны жилийн төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг

хэлэлцэж батлах

5.3.5. Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх

5.3.6. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын

эрх, хэмжээг тогтоох

5.3.7. Холбооны Ажлын хэсгүүдийн бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг

батлах

5.3.8. Гишүүнчлэлтэй холбоотой зарим асуудлыг болон итгэмжлэгдсэн

мэргэжилтнийг батламжлах

5.3.9. Гишүүдээс зөвлөлд мэдүүлсэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх

5.3.10. Гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоож, батлах

5.4. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь 11 гишүүнтэй байна.

5.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь мэргэжлээрээ 10-с доошгүй жил ажилласан

туршлагатай, эрдмийн зэрэг цолтой, гадаад хэлний мэдлэгтэй, холбооны үйл

ажиллагаанд нэмэр болохуйц санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой, багаар ажиллах

чадвартай маркшейдер инженер байна.

5.6. Зөвлөлийн гишүүн нь Холбооны Гишүүн эсвэл ахмад зэрэглэлтэй гишүүн

байна.

5.7. Удирдах зөвлөлийн гишүүн сонгуульт ажлынхаа хувьд үүргээ гүйцэтгэх явцад

гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

5.8. Зөвлөлийн гишүүн Зөвлөлийн хурал ба Холбооны хурлуудад биечлэн оролцох,

хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, бэлтгэсэн байх үүрэгтэй.

5.9. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба улируулан

сонгож болно. Бүрэн эрхийн эхний жилийн төгсгөл, хоёрдох жилийн төгсгөлүүдэд

зөвлөлийн гишүүдийн гуравны нэг хувийг оролцоо, идэвхийг нь үндэслэн шинээр

томилж болно.

5.10. Дараах тохиолдлуудад Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болно. Үүнд:

5.10.1. Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон

5.10.2. Зөвлөлийн гишүүнээс өөрөө чөлөөлөгдөхөөр өөрөө хүсэлт гаргасан

5.10.3. Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй

5.10.4. Холбооны дүрэм, журмуудыг удаа дараа ноцтой зөрчсөн

5.10.5. Зөвлөлийн хуралд дараалан гурван удаа оролцоогүй. Зөвлөлөөс

хүндэтгэх шалтгаанаар зөвшөөрөл авсаныг тооцохгүй.

5.11. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх нь дараагийн батламжлагдсан гишүүний бүрэн

эрх хэрэгжиж эхэлснээр дуусгавар болно.

6 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал

6.1. Зөвлөлийн үйл ажиллагааг хуралдааны хэлбэрээр явуулна. Хурлыг Ерөнхийлөгч

даргална. Ерөнхийлөгч даргалах боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэх захирал

даргална.

6.2. Зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

6.3. Зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар , бусад асуудлыг илээр санал хураах

зарчмаар шийдвэрлэнэ.

6.4. Хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр

болно. Зөвлөлийн шийдвэр “тогтоол” хэлбэртэй байх ба Ерөнхийлөгч , Зөвлөлийн

гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

6.5. Саналын хуудсаар саналаа ирүүлсэн зөвлөлийн гишүүнийг зөвлөлийн хуралд

оролцсонд тооцно. Зөвлөлийн гишүүдийн олонх зөвлөлийн хуралд оролцсоноор тухайн

хурал хүчин төгөлдөр болно.

6.6. Зөвлөлийн хурал хийсэн тухай бүр тэмдэглэл хөтөлнө.

6.7. Хурлаас гарсан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбарыг

хурлын тэмдэглэлд хавсаргана.

6.8. Сонирхлын зөрчилтэй гишүүн шийдвэр гаргах санал хураалтанд оролцохоос

татгалзах ёстой.

6.9. Зөвлөл жилд нэгээс доошгүй удаа ээлжит хуралдааныг хийнэ.

6.10. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгч эсвэл зөвлөлийн гишүүдийн 1/3- ийн

саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

7дугаар зүйл. Чуулган

7.1. Чуулган нь зөвлөлийн бүрэн эрхэд шууд хамааруулснаас бусад бүх бүрэн

эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

7.2. Чуулган дор дурьдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

7.2.1. Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

7.2.2. Холбооны хөгжлийн бодлого , хэтийн төлөвийг тодорхойлж батлах.

7.2.3. Холбооны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлантай танилцаж

хэлэлцэх.

7.2.4. Зөвлөлийн гишүүдийг батламжлах , чөлөөлөх.

7.2.5. Хяналтын зөвлөлийг байгуулж бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх.

7.2.6. Мэргэжлийн ёс зүй ба гомдол хэлэлцэх хорооны ажиллах журмыг батлах.

7.2.7. Холбооны Ерөнхийлөгчийг (цаашид ерөнхийлөгч гэх) сонгож бүрэн

эрхийг батлах.

7.2.8. Зөвлөлөөс оруулсан бусад асуудлууд

7.3. Чуулган нь 3 жилд 1-с доошгүй удаа хуралдана.

7.4. Чуулганд сонгох эрхтэй гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

7.5. Чуулганд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар асуудлыг

шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд хурлын дарга эцсийн шийдвэрийг гаргах

эрхийг эдэлнэ.

7.6 Дараах тохиолдолд Зөвлөл болон ерөнхийлөгч зөвшилцөн ээлжит бус

Чуулганыг хуралдуулна.

7.6.1. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

7.6.2. Зөвлөлийн гишүүдийн 40 хувь нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй

болсон.

7.6.3. Холбооны нийт гишүүдийн 50 хувь нь ээлжит бус чуулган хуралдуулахыг

шаардсан.

8 дугаар зүйл. Холбооны Ерөнхийлөгч

8.1. Холбооны Ерөнрийлөгч (цаашид Ерөнхийлөгч гэх) нь Маркшейдерийн

салбарын хувьд манлайлагч, нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, байр

суурь, бодлогыг илэрхийлэгч болохын хувьд дараах шаардлагыг хангасан байна

8.1.1. Салбарын дунд хүлээн зөвшөөрөгдсөн , мэргэжилтний хувьд бүрэн

танигдсан, эрдмийн зэрэг цолтой, ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил

гаргаж байгаагүй.

8.1.2. Холбооны Гишүүнээс дээш зэрэглэлтэй гишүүн байх

8.2. Ерөнхийлөгч нь Холбооны хамгийн дээд албан тушаалтан байх бөгөөд дараах

бүрэн эхрийг хэрэгжүүлнэ.

8.2.1. Холбооны гадаад дотоод харилцаанд төлөөлөх

8.2.2. Зөвлөлийн хуралдааныг даргалах

8.2.3. Зөвлөлтэй зөвшилцөн Чуулган, Зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан

хуралдуулах

8.2.4. Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд

саналын эрх эдлэх

8.3. Ерөнхийлөгч нь дараах үүрэгтэй.

8.3.1. Чуулган болон Зөвлөлд ажлаа тайлагнах

8.3.2. Холбооны бүхий л ажил хэргийг хянан удирдах

8.3.3. Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ хийх

8.3.4. Гүйцэтгэх захиралтай хамтран ажиллаж, харилцан туслалцах

8.4. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд 1 удаа улируулан

сонгож болно.

8.5. Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Зөвлөлийн

гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчийг Зөвлөл сонгоно.

9 дүгээр зүйл. Удирдах Зөвлөл, түүний дэргэдэх ажлын хэсгүүд

9.1. Холбооны Удирдах Зөвлөл (цаашид Зөвлөл гэх) нь Холбооны үйл ажиллагааг

удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох, менежментийн чиг үүрэгтэй хамтын

удирдлагын байгууллага байна.

9.2. Зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Чуулганд тавих бөгөөд Чуулганаас

гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

9.3. Зөвлөлийн дэргэд дараах ажлын хэсгүүдтэй байна.

Үүнд:

9.3.1. Менежментийн хэсэг

9.3.2. Санхүү, хамтын ажиллагааны хэсэг

9.3.3. Мэдээлэл,харилцааны хэсэг

9.3.4. Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хэсэг

9.3.5. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэсэг

9.4. Зөвлөл 9.3-д заасан хэсгүүдээс өөр ажлын хэсгүүдтэй байх эсэхийг шийдэх

эрхтэй.

9.5. Ажлын хэсэг тус бүрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг Зөвлөл гаргаж

Ерөнхийлөгч батлана.

9.6. Ажлын хэсэг тус бүрийн ахлагчийг удирдах зөвлөлийн гишүүдийн дундаас сайн

дурын үндсэн дээр сонгож Ерөнхийлөгч батламжилж ажиллуулна.

9.7. Зөвлөлөөс шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын албыг

байгуулж болно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. САНХҮҮ

10 дугаар зүйл. Санхүүгийн эх үүсвэр

10.1. Холбооны орлого нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Үүнд:

10.1.1. Гишүүний гишүүнчлэлийн хураамж

10.1.2. Зөвлөлийн Гишүүдийн хандив

10.1.3 Гишүүн байгууллагын хураамж

10.1.4. Гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив

10.1.5. Дүрмийн зорилгодоо нийцсэн сургалт болон үйл ажиллагаанаас олсон

орлого

10.1.6. Зээлийн, өвийн, төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс, олон улсын

ба дотоодын байгууллагаас олгосон хөрөнгө

11 дүгээр зүйл. Орлогын зарцуулалт

11.1. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл

ажиллагаанд зарцуулна.

11.2. Холбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж,

байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах ,тэдгээрийн төлбөрийг төлөхгүй.

11.3. Холбооны гишүүн, ажилтан нь холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох

зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй.

11.4. Холбоо нь улс төрийн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө хандив

өгөхгүй.

12 дугаар зүйл. Санхүүгийн жил, бүртгэл, тайлан

12.1. Холбооны хэмжээнд санхүүгийн жилийг хуанлийн жилээр (1-р сарын нэгний

өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал) тооцно.

12.2. Гүйцэтгэх захирал санхүүгийн тайлан, Зөвлөл үйл ажиллагааны тайланг

хариуцна.

12.3. Холбооны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны жилийн тайланг Зөвлөлөөр

хэлэлцүүлж Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал нар гарын үсгээ зурж баталгаажуулсан

байна.

12.4. Холбооны дансаар дамжих бүхий л гүйлгээний баримтанд Гүйцэтгэх захирал

гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ. ХЯНАЛТ

13 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

13.1. Холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд

хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх Хяналтын зөвлөлтэй байна.

13.2. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг зөвлөл гаргаж батална.

13.3. Хяналтын зөвлөл 2-3 гишүүнтэй байх ба Чуулганд оролцож байгаа гишүүдээс

сонгогдоно.

13.4. Хяналтын зөвлөл хяналт хийсэн мэдэгдлийг жил бүр Зөвлөлд өргөн барина.

13.5. Хяналтын зөвлөл нь дараах зарчмуудыг чандлан баримтална.

13.6. Холбооны нэгдмэл эрх ашиг сонирхлыг бусад байгууллагын эрх, ашиг

сонирхлоос дээгүүр тавих

13.6.1. Үйл ажиллагааг хараат бус хэрэгжүүлж, аливаа нөлөөлөлд автахгүй байх

13.6.2. Үйл ажиллагаандаа үнэнч, зөв, шударга, бодитой хандах

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХАРИУЦЛАГА

14 дүгээр зүйл. Гомдол гаргах

14.1. Холбооны дүрэм, журам, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг гишүүд гаргах

эрхтэй.

14.2 Холбооны дүрэм, журмаар зохицуулсан асуудлын талаарх гомдлыг Зөвлөл

шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна.

15 дугаар зүйл. Хариуцлага

15.1. Холбооны гишүүн, Зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны

улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх

хариуцлагыг Холбоо хүлээхгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

16 дугаар зүйл. Дүрэм хүчинтэй болох

16.1. Энэхүү дүрэм нь чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр хүчин

төгөлдөр болно.

17 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

17.1. Дүрэмд нэмэлт, эсхүл өөрчлөлт хэлбэрээр оруулахаар санал болгож байгаа

өөрчлөлтүүдийн талаарх төслийг Зөвлөлөөр дамжуулан Чуулган эхлэхээс 1 сарын

өмнө цахим хэлбэрээр гишүүдэд мэдэгдсэн байна.

17.2. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Чуулганд оролцож байгаа саналын

эрхтэй гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

17.3. Энэхүү дүрмийн нэмэлт, өөрчлөлт нь Чуулганаар баталсан өдрөөс хүчин

төгөлдрөөр үйлчилж эхэлнэ.