Мэндчилгээ

            Эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монголын Маркшейдерийн Холбоо (ММХ)-ны анхны вэб-сайтад тавтай морилон, тухлан саатахыг урьж байна.

Монгол Улсын анхны маркшейдерийн мэргэжилтэй инженер -техникийн ажилтнууд гадаад улс орнуудад төгсөж ирснээс хойш даруй нэгэн ЖАРАН өнгөрч, харин Монгол улсдаа үндэсний маркшейдер мэргэжилтэн бэлтгэх зорилгоор маркшейдерийн анхны ангийг нээж байсан түүхт өдрөөс хойш БИД хамтдаа 25 дахь намартайгаа золгож буй энэ цаг үед Монголын маркшейдерийн холбооноос санаачлан, маркшейдеруудынхаа мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, маркшейдерийн салбарын хөгжлийн хандлага, чиг баримжаа, онцлог үйл явдалтай хөл нийлүүлэн алхаж, цаг үргэлж хамт байхад нь зориулж, мөн түүнчлэн тэдний олж авсан шинэ мэдлэг, ажлын туршлага, хайж уншсан эрдэм шинжилгээний шинэ өгүүлэл, бүтээл зэргийг мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцах, харилцан мэтгэлцэх орон зай, эх сурвалж, суурь бааз нь болгох зорилгоор энэхүү анхны веб-сайтыг Та бүхэндээ санал болгож байна.

Энэхүү веб-сайтын агуулга, бүтцийг цаашид сайжруулж, шаардлагатай байгаа зарим шинэ “контент” нэмэх зэргээр улам боловсронгүй болгох асуудал үргэлж нээлттэй байх бөгөөд тухай бүрд нь ММХ-ны Удирдах зөвлөл зохих шийдвэр, журмыг гаргаж байх болно.

Маркшейдер мэргэжилтэй Та бүхнийг веб-сайтын зүгээс явуулж буй анкет бүртгэл, санал асуулга, зар түгээлт, сурталчилгаа танилцуулгад идэвхи зүтгэл гарган оролцохоос гадна, энэ талаар мэргэжил нэгт нөхөд, гишүүн байгууллагууд болон өөрсдийн ажиллаж буй үйлдвэр, аж ахуйн газрын удирдлагад хурдан шуурхай тарааж, танилцуулахад бусдыгаа уриалан оролцуулахыг хичээнгүйлэн хүсэж байна.Ингээд ММХ -ны анхны веб-сайтаар дамжуулан, Монгол улсын хөгжил дэвшлийн нүүр царай болсон Уул уурхайн салбарын Маркшейдерийн албаны нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үйл хэрэгт өөрсдийн авъяас билиг,ухаан мэдлэг, ур чадвар, ухамсарт амьдралаа зориулан ажиллаж ирсэн ахмад үеийнхэн, тэдний ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа дунд болон залуу үеийнхэн та бүхэндээ Монголын Маркшейдерийн Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл мэнд, аз хийморийг хүсэж, үргэлж өргөжин, өөдлөн дэвшилж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Халамжит ханийнхаа түшиг нь Та байг,
Хайртай үрсийнхээ бахархал нь Та байг,
    Эрдэс баялгийнхаа эзэн нь Та бол,
    Эх орныхоо ирээдүйг Та бүтээ!

Монголын Маркшейдерийн Холбооны
ерөнхийлөгч, зөвлөх инженер, доктор (Ph.)
Г.ЁНДОН